ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Дашбалбар сумын түүхэн танилцуулга

2017-05-23


           Дашбалбар сумын нутаг дэвсгэр эрт дээр үед хамаг Монголын нутгийн нэг хэсэг Чингэс хааны үед Отчигин ноёны эзэмшлийн, феодолын бутарлын үед Халхын долоон хошууны, Манжийн дарлалын талхигдлын үед Халхын Ачит засгийн хошууны /харуул нутаг/, Богд хаант засгийн үед Бишрэлт вангийн хошууны нутаг буюу Монгол туургатны гал голомт нутаг байжээ.
1921 оны ардын хувьсгалын эхэн ба дараа үеэс бидний өвөг дээдэс суурьшин амьдарч байсан ба засаг захиргааны болон нутгийн шинэчилсэн хуваарилалтаар сум байгуулагдаж нэгдэн өөрчлөгдөж байсан.
1925 онд Далай сум байгуулагдаж Улз сумтай нийлж Доргон толгой гэдэг газар Дашбалбар сум болон төвлөрч одоогийн сумын үндэс суурийг бий болгосон түүхтэй.
1929 онд Баруун тарь Дашбалбар сум хоёр нийлж Дашбалбар сум /дарга нь Дэлэгдорж/, Хөх уул сум, Эрхт баян-уул сум хоёр нийлж Хөх уул сум /дарга нь Шаравын Раднаа/ болон тус тус байгуулагдсан байна.
1931 онд Хан Хэнтий аймгаас Дорнод аймаг 27 сумтай тасрахад Улз голын буриад хошуу Дорнод аймагт харъяалагдаж, Дашбалбар сум, Хөх уул сум хоёр нийлж Дашбалбар сум болон одоогийн сумын төв байгаа Улз голын урд дэнж Цагаан-дэв хэмээх газар байгуулагдаж эдүгээ 92 жилийн түүхтэй золгож байна.
Орос орноос нүүж ирээд Улз, Дөч, Сэвсүүл гол, Дөрөө, Чух нуур орчмоор нутаглаж байсан буриадууд дундын Дамбадаржаалан сүм хийдтэй болж нутагтаа тахилгатай уул овоотой болъё гэсэн олон түмний саналын дагуу Юмсэний Лэгдэн тэргүүтэй өөрийн төлөөлөгчдийг уугуул нутгийн Агын дацан явуулж айлтгал хүсэлт оруулан Агын Цагаан-Чулуутын Улаан хадны овооноос чулуу, шороо залж авчирснаар энэ нутгийн “Зүр хүзүү” гэдэг уулыг “Дашбалбар уул” гэж нэрлэн хүндэтгэн тахиж ирсэн түүхтэй.
Дашбалбар сум нь ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын /Чита/ мужийн “Агша” “Онон” район, аймгийнхаа Чулуунхороот, Гурванзагал, Сэргэлэн, Баяндун сумдтай хиллэдэг.
Сумын нутаг дэвсгэр нь 1987 оны газрын нэгдсэн блансаар 871315 га өргөн уудам талбайтай тал хээрийн нутгийг эзэлдэг.


Сумын газар зүйн солбицол нь уртраг 114, өргөрөг 49,5-д оршино. Нутгийн хойд тал нь Имлахын голоос урд цэг Мардайн Хар өндөр хүртэл 150 км, баруун цэг Хүйтэн бүрдээс зүүн цэг Билүүтийн нуур хүртэл 140 км үргэлжилнэ.
Тунгалаг урсгалт Улз гол сумын нутаг дундуур тууш уртынхаа дөрөвний нэгийг буюу 100-аад км урсан үргэлжилнэ.
Сумын газрын гадаргуу нь зүүн тийшээ налуудуу тогтсон нутаг бөгөөд хамгийн нам дор газар нь Хөх нуурын хотгор далайн түвшнээс дээш 688 м, хамгийн өндөр хэсэг нь Хөгнийн шилийн хар өндөр далайн түвшнээс дээш 1131 м өргөгдсөн байдаг. 
871315 га нутаг давсгэрийн 856990 га газар нь хадлан бэлчээр, 2880 га нь хот тосгон бусад суурингийн эдэлбэр газар, 1032,7 зам, шугам сүлжээний, 7262 га нь ойн сан, 3150 га нь усан сан бүхий газар юм.


Дашбалбар сумын төв нь аймгийн төв /Чойбалсан хот/-оос 194 км, Улаанбаатар хотоос 750 гаруй км алсад оршиж, далайн түвшнээс1131 метр өндөрт байдаг.
Дашбалбар сум засаг захиргааны нэгж Сэвсүүл-жараахай, Харзат, Чух, Номинт, Улз гэсэн 5 багтай, 2016 оны жилийн эцсийн статистик мэдээгээр 911 өрхийн 3246 хүн ам, 218509 толгой малтай.
ЕБС-д 520 гаруй хүүхэд суралцаж, 100 ортой дотуур байранд 120-иод хүүхэд суурьшиж, 100 ортой хүүхдийн цэцэрлэгт гэр цэцэрлэгийн 2 бүлэг нэмж 150 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. 13 ортой сум дундын хүн эмнэлэг, 300 хүний суудалтай Соёлын төв, 6600 гаруй үзмэртэй Орон нутгийг судлах музей, 16000 номын фондтой номын сан, 20 гаруй худалдаа үйлчилгээний цэг салбар ажиллаж байна.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%